Sunday, February 15, 2015

Ижийгээ тээр үзлүү яалаа..
Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би ээжийнхээ
Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би...
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад, би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа?
Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
Ачлал умартан тунихад минь өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөөл гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би...
Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжийгээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад, би уужирлаа
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би, ижийнхээ амьдад
Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
Урсах нулимыг нь өссөн цагаас барчихаад
Уучлаарай гэж хэлсэн билүү би ээждээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хоргодохдоо үхэж чаддагүйд тань
Ээж таньдаа охин нь баярлалаа гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамт туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй ижий минь..

Wednesday, February 11, 2015

Зүүд

von5Гадаа нар ээчихсэн дулаахан. Хэн нэгэн 2 эмэгтэйтэй бичлэг хийн их л жаргалтай явна. Моддын навчис намиран хийсэж завсраар нь нарны туяа нэг тусан нэг далд орно.
- Хэдүүлээ дугуй унаж бичлэгээ үргэлжлүүлеэ
Дугуйн дээрээс зам жирэлзэн, камерний дуранд 2 эмэгтэй аз жаргалтай инээмсэглэл. 2 талаараа жижигхэн төмөр хашаагаар хашуулан ургасан өндөр модод шаргалтна. Салхи нүүрийг илбэн дугуй унах нь нэг л таатай. Эргээд хартал баахан урт үстэй найзууд "Fuck". Тэднийгээ харан "сахилгагүй амьтад шүү" инээмсэглэнэ.  "Камерний дуран бохирдчихжээ, арчих хэрэгтэй болж". Урд дугуй юманд тээглэн хойд дугуй урагша годройтон унах шахлаа. Зогсож байгаад дурангаа арчичихаад хөдлөв. Зам хөндлөн тавьсан бүдүүн том модонд харсаар байж түрүүнийх шигээ дахин тээглэв. Энэ удаа тээглээд зогссонггүй газраас хөндийрөн эргэлдлээ. Агаарт хэд сэгсчүүлээд газарт уналаа. Эргэн тойрноо ажвал "Бавагийн нас барсан газар". Тээр тэнд зам дээр гар нь тасран цусандаа хутгалдсан эрэгтэй хүн хэвтэнэ. "Бавагийн бие".
- Зугтаарай Бава намайг авч явах гэж байна" Хамаг хурднаараа гүйлээ. Ард мод хугаран тас няс хийн унав. "Бава надруу мод шидэж байна"
СЭРЧИХЛЭЭ
Заримдаа ийм сэтгэл догдлол хөөрөл мэдрэх гоё. Шал утга учиргүйгээр догдлоод л...

Tuesday, February 10, 2015

Төрсөн өдөр

Өчигдөр төрсөн өдөр боллоо. Урд нь эртнээс догдлоод л тэмдэглэдэг байсан одоо догдолсончгүй тэмдэглэсэнчгүй. Олон шалтгаантайлдаа. Ямар ч байсан 30 жилийн өмнө намайг төрүүлж өгсөн ЭЭЖдээ баярлаж байна. Энэ дэлхий дээрх амьдралыг мэдрүүлсэн миний ЭЭЖ. Олон олон хүүхдүүд төрж чадахгүй буцаж байгаа шүү дээ. Би төрсөндөө баярлах биш төрүүлж өгсөн ээждээ баярлах өдөр.